ПИН ОЛОН УЛСАД

ПИН ОЛОН УЛСАД

Бид бол хүмүүнлэг, эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдлийн үзэл санаанд үндэслэсэн төрийн бус, ашгийн бус байгууллага юм. Бид хүмүүнлэгийн тусламж, хүний эрх, боловсрол, нийгмийн ажлын чиглэлээр ажилладаг.

Төв Европын орнуудад нийгмийн тогтолцоо солигдож байсан тэр үед гадаад улс орнуудаас зөрчил, мөргөлдөөн, байгалийн гамшгийн сурвалжлага бэлтгэдэг байсан Чехийн сэтгүүлчид болон сайн дурын ажилтнууд нөхцөл байдлыг зөвхөн мэдээлэхээс гадна эдгээр улс орнуудад тусламж зайлшгүй хэрэгтэй гэж ойлгон Пипл ин Нийд (ПИН) төрийн бус байгууллагыг 1992 онд үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. ПИН байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны хүрээгээ тэлж Төв Европын хамгийн томоохон төрийн бус байгууллагуудын нэг болоод байна. Хожим хүмүүнлэгийн тусламж ба хүний эрхийн асуудлуудаас гадна боловсролын салбар болон нийгмээс тусгаарлагдсан бүлгийнхэнд анхаарал хандуулах болсон.

Олон улсад

Хүмүүнлэгийн тусламж хөгжлийн газар нь Европ, Ази, Африкийн 20 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын хамгийн том салбар юм. Эдгээр улсуудад хэрэгжиж байгаа 200 гаруй төслөөрөө жил бүр 2,5 сая хүнд тусламж дэмжлэг үзүүлдэг. Тус салбар нь эхэндээ байгалийн гамшиг, дайн, мөргөлдөөнд нэрвэгдсэн улс орнуудад сэргэн босоход нь туслах чиглэлтэй байсан бол одоо ундны усны хомсдол, боловсрол, эрүүл мэндийн хангалтгүй үйлчилгээ, нийгмийн гадуурхал, байгаль орчны бохирдол зэрэг урт хугацааны асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

Сири, Украйн зэрэг зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт бид хоол хүнс, хүнсний талон тараадаг төдийгүй бусад замаар туслахыг хичээдэг. Жишээ нь дотоодын зах зээл, газар тариалангийн аж ахуйг дэмжиж, нутгийн иргэдийг олон нийтийн ажилд татан оролцуулж, ундны усны хүртээмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаг. Бид мөн сургуулиудыг нээлттэй байлгаж, хүүхдүүдийн сэтгэлзүйн цочролыг арилгахад тусалдаг.


Хүмүүнлэгийн тусламжийн араас бид хөгжлийн төслүүд уялдуулан хэрэгжүүлдэг нь ирээдүйн гамшиг хямралаас урьдчилан сэргийлэх эсвэл сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой байдаг. Түүнчлэн зорилтот бүлгийн иргэд ядуурлаас гарах хүчин чармайлтыг нь дэмжиж тусалдаг.  Цаашилбал чанартай боловсрол, эрүүл мэндийн тэгш хүртээмж, ядуурал, хүрээлэн буй орчны доройтол зэрэг урт хугацааны асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Боломжит шийдлүүдийг иргэд, хамтрагч байгууллагууд, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран олдог бөгөөд ингэснээр цаашид бидний оролцоогүйгээр бие даан  ажиллах боломжтой болно. Бид хэд хэдэн улс орны хоол тэжээлийн дутагдалд анхаарлаа хандуулсан бөгөөд энэ нь зөвхөн хүүхдийн өсөлт хөгжилд төдийгүй хүний бүхий л амьдралд сөргөөр нөлөөлдөг асуудал юм. Өөр нэг тэргүүлэх зорилт бол хүмүүсийн даван туулах чадварыг бэхжүүлэх явдал бөгөөд ингэснээр тэд зэвсэгт мөргөлдөөн, өвчин, байгалийн гамшигт үзэгдлийг өөрсдөө шийдвэрлэх боломжтой болох юм. Хот суурин газарт өсөн нэмэгдэж байгаа ядуурал, суурь болон мэргэжлийн боловсрол зэрэг нь бидний бас нэг анхаарах ёстой асуудал юм.


Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд бодит өөрчлөлтийг бий болгохын тулд үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангах нь маш чухал юм. Тийм ч учраас тусламж үзүүлдэг улс орнууддаа бид төрийн захиргааны байгууллагын чадавхийг сайжруулж, иргэний нийгмийн гишүүдийг дэмжихийг хичээж ажилладаг, энэ нь иргэд өөрсдийгөө төлөөлж байгаа төлөөлөлтэй нээлттэй харилцаж, эрхээ хамгаалахад нь тусладаг юм. Хаана аль улсын иргэн гэдгээсээ үл хамаараад орлого багатай ядуу хүмүүс ч технологийн шинэ ололтууд, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг ашиглахад нь бид туслахыг хичээдэг.

ПИН нь хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг Европын төрийн бус байгууллагуудын нэгдэл Alliance2015-ийн нэг гишүүн юм.

Бид дарангуйллын дэглэмтэй 10 гаруй оронд Хүний эрхийг дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Бидний зорилго бол улс төрийн хэлмэгдэлд өртөж байгаа хүмүүст туслах, иргэний нийгмийн байгууллагуудыг нь дэмжих, үр дүнтэй нөлөөллийн үйл ажиллагаа явуулж хүний эрх зөрчигдөж байгаад дэлхий нийтийн анхаарлыг татах явдал юм.

Хүний эрхийг дарангуйлдаг, иргэний нийгмийн байгууллагыг хориглодог захиргаадалтын тогтолцоотой улс орнуудад ч үйл ажиллагаагаа явуулдаг, Чех улс шиг нийгмийн тогтолцоогоо халж зах зээлийн тогтолцоонд орохоор зорин шилжилтийн үедээ явж байгаа улс оронд  ч туслаж өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг.


Бид жил бүр улс төрийн олон зуун хоригдол, иргэний нийгмийн байгууллагуудад тусалдгаас гадна арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Үүний нэг нь Хомо Хоминийн нэрэмжит шагнал бөгөөд үүнийг хүний эрх, ардчилал, улс төрийн зөрчилдөөнийг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог. 

Бүгд Найрамдах Чех улсад 

Бид өнөөгийн Чехийн зовлон болоод буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж жилд хэдэн мянган хүнд тусалдаг. Бид өндөр хүүтэй зээл авсан хүмүүст  зөвлөгөө өгөхөөс гадна мөнгө хүүлэгч, зээлдүүлэгчид, тэдний хуульчид, өр төлбөр нэхэмжлэгчдэд таатай хууль эрх зүйн тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна.

Нийгмийн ажлын маань бас нэг хэсэг нь ядуу, нийгмээс гадуурхагдсан гэр бүлүүдэд туслах явдал юм. Гэр бүлийн талаар зөвлөгөө өгөх, хүүхэд, залуучуудыг сургуулийн өмнөх сургалт, дугуйланд сургах, хоцрогдол арилгах хувийн сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.  Үүний хажуугаар бид гэмт хэрэгт өртсөн хүмүүст ажил мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх, туслах үйлчилгээ үзүүлдэг.

"Нэг дэлхий" бол хүний ​​эрхийн асуудалд чиглэсэн дэлхийн хамгийн чухал кино наадам бөгөөд жил бүр 120 мянга орчим үзэгчдэд олон орны шинэ бүтээлүүдийг танилцуулдаг юм. Наадам Прага хотод төвлөрдөг боловч Чехийн бусад хотууд болон Брюссель хотод мөн аялан зохиогддог .

Энэ наадам нь манай өөр нэг төслийн сэдэл болсон - Нэг дэлхий нэг сургууль (OWIS). Энэ нь дуу-дүрс бичлэгийн материалын тусламжтайгаар Чехийн оюутан сурагчдад бидний өнөөгийн ертөнцийн гол сэдэв болох хүний эрх, экологи, иргэний нийгэм, орчин үеийн түүх, хэвлэл мэдээллийн талаар мэдээлэл өгдөг төсөл юм. 3700 гаруй бага, дунд сургуулийн багш нар манай материалыг ашиглаж сургалтаа явуулж байна.

Манай Varianty хөтөлбөрийн хүрээнд багш нарын боловсролд анхаарч янз бүрийн заах арга техник сургахаас гадна тодорхой сэдвүүдийг сурагчдад үр дүнтэй хүргэхэд нь тусалж, сургалтын материалаар хангаж өгдөг. Энэ төсөл нь гэр бүл, сургуулийн харилцааг сайжруулах, Чехийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.

Манай шилжилт хөдөлгөөний тухай төсөл нь хүмүүсийн нүүх дүрвэх ээдрээтэй үзэгдлийн талаар олон нийтэд зөв мэдээлэхийг зорьж байна. Үүнийг аналитик судалгаа нийтлэх, арга хэмжээ зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлах замаар хийдэг. 

Бүтэн текст Текст багасгах