Тогтвортой амьжиргаа ба байгаль орчин

Тогтвортой амьжиргаа ба байгаль орчин

Эрс тэс уур амьсгалтай, дээрээс нь урт хугацааны өөрчлөлт мэдрэгдэх болсон Монгол орны хувьд иргэдийн тогтвортой амьжиргаа нь тулгамдаад байгаа гол асуудлуудын нэг болоод байна. Хүмүүс илүү сайхан амьдрах боломж хайж хот суурин газар руу нүүж байгаа нь нийгмийн үйлчилгээ, хот төлөвлөлтөд маш их дарамт үзүүлэх болсон. Хот суурин газрын агаар, орчны бохирдол нь Монгол Улсын хөгжлийн томоохон сорилт болж, эрт нас баралт, өвчлөлд хувь нэмэр оруулж, нийт иргэдийн амьжиргаанд нөлөөлж байна.

ПИН-ийн хэрэгжүүлж байгаа орчны бохирдлын эсрэг төслүүд нь Монголчууд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ эдлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Бүтэн текст Текст багасгах

Одоо хэрэгжүүлж буй тусламжийн хөтөлбөрэсвэлӨнгөрсөн тусламжийн хөтөлбөрүүд

Дулаан шийдэл төсөл

Дулаан шийдэл төсөл

Монгол улсын нийт хүн амын дөрөвний нэг оршин суудаг Улаанбаатар хотын гэр хорооллын  дийлэнх нь дэд бүтцэд холбогдоогүйн улмаас нэг өрх дунджаар 4т сайжруулсан нүүрс түлж өвлийн халаалтын асуудлаа шийдэж байна. Энэ хэрэглээнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь цаг уурын нөхцөл байдлаас гадна хүмүүсийн өөрсдөө голдуу барьсан байшингийн дулаан алдагдал нь их, халаалтын систем үр ашиг багатай, өрхийн орлогын хүрэлцээгүй байдал зэрэг ‎болж ‎байна. Энэ нь эргээд нийслэл хотын гол асуудал болох өвлийн утаа, цаашилбал хөрс, усны бохирдлын эх үүсвэр болж нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж байна.‎
Дээрх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  ЖЭРЭС ОУТББ , Пипл ин Нийд ‎ОУТББ,  Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, ШУТИС-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв нар хамтран  “Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй бүсэд тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх” буюу товчилсон нэрээр “Дулаан Шийдэл” (2018-2021) төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хувийн сууцанд ‎оршин суугчдад эрчим ‎хүчний зүй зохистой хэрэглээг дадал зуршил болгон ‎хэвшүүлэх замаар CO2, PM зэрэг орчны бохирдлыг бууруулж хүн ‎амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх үндсэн зорилготой.
Ингэхдээ орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн холбоо бүлэг, гэр хорооллын ‎өрхүүд, ‎барилгын салбарт бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар ‎хотын нийт хүн ‎амын эрүүл мэндэд шууд болон шууд бус ашиг тус үзүүлэхээр зорьж ‎байна. Төслийн ‎зорилтот бүлэг нь Улаанбаатар хотын гэр хороолол дах хувийн сууцанд амьдардаг, халаалтын зардлаа бууруулж, гэр орныхоо тав ‎тухтай байдлыг ‎сайжруулах хүсэл сонирхолтой айл өрхүүд түүн дотроо эмэгтэй өрхийн тэргүүнтэй эсвэл эмзэг бүлгийн өрхүүд юм.
 
ЧИП - Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц төсөл

ЧИП - Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц төсөл

Монгол улсын төв суурин газруудын хүүхдүүд цаг уур, орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол түүнээс үүсэх аюул, эрсдэлд өртөх өндөр магадлалтай нөхцөлд амьдарч байна. Энэ нь тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжил, эрүүл тэжээллэг хоол хүнс, цэвэр усны хэрэглээнд нөлөөлж урт хугацаандаа маш сөрөг үр дагавар авчирхаар байдал үүсгээд байна. Эдгээр асуудлын эсрэг анхаарал тавьж дорвитой арга хэмжээ авахгүй бол монголчуудын үр удам орчны бохирдлоос улбаалсан эрүүл мэнд, эдийн засгийн сөрөг нөлөөнд улам бүр автсаар байх болно.  

Өвлийн улиралд гол асуудал болдог утааны эх үүсвэрийг багасгахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд зориулан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг гадаад, дотоодын шилдэг мэргэжилтний баг бүрдүүлэн боловсруулж, туршиж үзсэн нь амжилттай болж улам олон айл өрхөд түгээхээр ажиллаж байна.

ЧИП төслийн хүрээнд 2019 оноос өнөөдрийг хүртэл Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5, 17 дугаар хороодын 492 гаруй өрхийг хамруулсан бөгөөд төслийн үр шимийг хүртэгсэд бүгд ам сайтай байна. Гэрийн халаалтыг цахилгаанаар шийдсэнээр тогтвортой дулаан,тав тухтай байдлыг бий болгон,дотор агаарын чанар ч сайжирч хүүхдүүд агаарын бохирдолд өртөх өртөлт, тэдний эрүүл мэндэд учрах эрсдлийг бууруулжээ. ЧИП багц нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, давхар шүүлтүүрээр агаар оруулах тохируулгатай нээлхий, бохирдсон агаар гаргах механик сэнстэй агаар сэлгэлтийн систем, гэрийн дулаалга болон шаланд салхи, ус, уур үл нэвтрэх нэмэлт давхаргуудаас бүрддэг. Энэ бүхэн нь уламжлалт монгол гэрт эрчим хүчний хэмнэлтийг бий болгон, гэрийн дотор агаарын чанарыг сайжруулж гадна болон дотор агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийгдсэн билээ. 
Haze Gazer буюу Агаар ажиглагч төсөл

Haze Gazer буюу Агаар ажиглагч төсөл

"HAZE GAZER" БУЮУ “АГААР АЖИГЛАГЧ” ТӨСЛИЙН ТУХАЙ
Агаарын бохирдолыг бууруулах нь Монгол Улс төдийгүй Ази тивийн олон улс орнуудын өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг юм. Агаарын бохирдол бидний өдөр тутмын амьдралд дан ганц эрүүл мэнд  төдийгүй нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдал зэрэгт олон талын сөрөг нөлөөллийг үзүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран санаачилж, “Хүний Эрхийн Олон Улсын Өдөр”-ийг тохиолдуулан танилцуулж буй “АГААР АЖИГЛАГЧ буюу “Агаарын бохирдлыг ажиглах олон нийтийн хяналт” цахим платформ нь иргэдийн оролцоотойгоор агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хянах, мөн түүнчлэн агаарын чанарыг сайжруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тандан судлах зорилготой юм.

" АГААР АЖИГЛАГЧ" цахим платформ нь:
●    Иргэдийн оролцоо, тусламжтайгаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөлөөллийн талаарх бүхий л мэдээллийг цахим хэрэгслүүдээр дамжуулан цуглуулах, нэгтгэх;
●    Эрдэмтэн судлаач, сэтгүүлч, бодлого боловсруулагч болон шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах;
●    Иргэдийг иргэний үүргээ биелүүлж, агаарын бохирдлыг бууруулах үйлст хувь нэмрээ оруулан өөрсдийн туршлагаас хуваалцах ажлыг идэвхжүүлэх;
●    Олон нийт ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй агаарын бохирдлын нөлөөллийг бусад эх сурвалжийн хамт шийдвэр гаргагчдад ил тод мэдээллэх зорилготой.
Уг платформыг Пипл ин Нийд ОУБ хөгжүүлж байгаа бөгөөд голлох мэдээ, мэдээллээ иргэдээс цуглуулж, нэгтгэн түгээх олон нийтийн нээлттэй төсөл юм. Тиймээс энэхүү платформ нь зөвхөн иргэдийн идэвхтэй оролцооны тусламжтай цаашид хөгжих бөгөөд хамтдаа суралцан, илүү сайн сайхан ирээдүйг бий болгох шийдлийг эрэлхийлэх нээлттэй талбар болно. 

ЦЭВЭР АГААРЫН ТӨЛӨӨХ ҮЙЛС НЬ ХАМТЫН ХАРИУЦЛАГА ЮМ !

Амьсгалах эрх төсөл

Амьсгалах эрх төсөл

Амьсгалах эрх төсөл нь Улаанбаатар хот болон Архангай аймгийн төвийн агаарын бохирдлын талаар мэдээллийн ил тод байдлыг сайжруулах,төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд агаарын бохирдол бууруулахад хүлээх хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) хамтран ажиллалаа.

Амьсгалах эрх төслийн хүрээнд орон нутгийн ТББ, ИНБ, иргэдийн холбоодоос гадна төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай ажиллаж нийт ард иргэдийн агаарын бохирдлын талаар мэдлэгийг дээшлүүлэх, утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн дутагдалтай талууд, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх аяныг зохион байгуулав. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь амьсгалын замны өвчлөлийг бууруулж өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахад нь тусална.
Хонины ноосоор байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх – бэлтгэн нийлүүлэх нэгдсэн сүлжээ байгуулах төсөл

Хонины ноосоор байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх – бэлтгэн нийлүүлэх нэгдсэн сүлжээ байгуулах төсөл

Хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ажил эрхлэлт, экспортын орлогод чухал ач холбогдолтой юм. Манай хөдөө аж ахуйн үйл ажиллагааны амжилт нь эх газрын хатуу ширүүн уур амьсгалаас ихээхэн шалтгаалдаг.

Монгол Улсын нэг гол түүхий эдийн нэг нь хонины ноос боловч 90% нь бүдүүн ширхэгтэй бөгөөд зах зээлийн эрэлт бага, үнэ доогуур байдаг учир малчдад төдийлөн ашиг авчирдаггүй. Тийм ч учраас энэ түүхий эдийг байгальд ээлтэй, барилгын дулаалгын материал байдлаар ашигладаг жишгийг Монгол улсад нутагшуулах төслийг Европын Холбооны Свич Ашиа хөтөлбөрийн хүрээнд ПИН хэрэгжүүлэв. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, малчид, эцсийн хэрэглэгчдийг хамарсан хангамжийн сүлжээг МСҮТ, төрийн байгууллагуудын оролцоотой хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн энэ хөтөлбөр нь Монгол Улсын бизнес эрхлэгчдэд сонирхолтой боломж төдийгүй байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх, орон нутгийн ногоон бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах сайн эхлэл юм.
Говийн бүсийн ХАА-н экстеншний үйлчилгээг чадавхижуулах

Говийн бүсийн ХАА-н экстеншний үйлчилгээг чадавхижуулах

Дорноговь аймаг нь тал хээр, говь цөл хосолсон нутагтай, малын тоо толгой нь бэлчээрийн даацаас хэтэрсэн, гадаргын ус ховор, ургамлын төрөл зүйлийг нөхөн сэргээхэд ихээхэн хүндрэлтэй байдаг учир цөлжилт тэлсээр байгаа нутаг юм. Үүнээс гадна эндхийн ажилгүйдлийн түвшин бараг 40% -тай байдаг бүс нутаг юм.

Ийм нөхцөлд ашигтай ажиллаж болох аж ахуйн хувилбар бол газар тариалан юм. Үүний давуу тал нь зөвхөн хувь хүмүүсийн орлого нэмэгдэхээс гадна тухайн орон нутагт нэмэлт орлого орж өрсөлдөх чадвар нь сайжирна. Энэ төслийн хүрээнд ПИН газар тариалан, хүлэмжийн аж ахуйн талаар мэргэжлийн сургалт явуулж байснаас гадна усалгааг хэрхэн хэмнэлттэй хийх, бизнесээ хэрхэн зөв төлөвлөх, зах зээлд шинэ ногооны эрэлт бий болгох гэх мэтээр маркетингийн сургалтууд зохион байгуулж орон нутгийн ААН, иргэдийг хамруулав.

Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж жишиг Агропарк байгуулан ногоочдын хоршоог ажилуулсан нь зөвхөн ургацаа борлуулж ашиг олох бус, бусад мэргэжлийн болон сонирхогч иргэд, ААН-үүдэд тариалангийн болон хоршооны үйл ажиллагааны талаар сургалт явуулах, үр, суулгац, багаж, тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх, зоорио түрээслэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байх зорилгоо сайн биелүүлж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын зарим өрхүүдийг чанартай яндангаар хангах төсөл

Улаанбаатар хотын гэр хорооллын зарим өрхүүдийг чанартай яндангаар хангах төсөл

Улаанбаатарын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг гэр хорооллын айл өрхүүд нь өвөлдөө сайжруулсан түлш түлж  өвлийн хүйтнийг даван туулах ёстой болдог нь дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын тоонд оруулахад хүргэдэг.

Гэр хорооллын иргэдийн өөрсдөө барьсан сууц, монгол гэр нь дулааны алдагдал ихтэй байдгаас нэгж талбай халаах түлшний хэрэглээ өндөртэй, гадна ба дотор агаарын чанарын үзүүлэлт маш муу байдаг нь хүн амын амьсгалын зам, зүрх судасны өвчлөл ихсэх гол шалтгаан болж байдаг.

Энэ төслийн хүрээнд монгол гэрт амьдардаг зарим өрхүүдэд чанартай яндан суулгаж түлшний гүйцэт шаталтыг сайжруулах замаар түлшээ хэмнэх, агаарт ялгарах тоосонцорын хэмжээг  бууруулж болохыг жишээ болгон олон нийтэд үзүүлж ашиг тусыг нь ухуулан таниулав. Үүний үр дүнд Монгол улсын яндан үйлдвэрлэгч байгууллага үйл ажиллагааны тогтвортой байдлаа бэхжүүлэх боломжтой боллоо.